2010年8月10日星期二

Шарайт овогт Жамсрангийн Цэвээн буюу буриад Цэвээн Жамсранов

Будбаяр (ibudbayar@yahoo.com) Германаас

Монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалаар улс төр, эдийн засаг төдийгүй оюун санааны хувьд жинхэнэ эрх чөлөөтэй болсноор өнгөрсөн үеийнхээ түүхэн үнэнийг ихээхэн сонирхох болсон.

Судлаачдын өмнө ч урьд нь хаалттай байсан олон түүхэн баримт нээлттэй болсон. Түүний үр дүнд бид өмнө нь улс төр, үзэл суртлын шалтгаанаар тэр бүр ил тод илэрхийлж чаддаггүй байсан олон сэдвээр өнөөдөр чөлөөтэй бодол саналаа хуваалцах боломжтой болоод байгаа билээ.

Энэ удаа Ж. Цэвээн, түүний үзэл баримтлалын талаарх зарим санал бодлоо хуваалцъя.


--------------------------------------------------------------------------------

Жамсрангийн Цэвээн 1881 оны 4 сарын 26-нд Өвөр Байгалийн Агийн аймагт төржээ. Өвөр Байгалийн буриадууд 17 дугаар зуунд Оросын Цагаан хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрч, татвар төлөх болсон боловч 20 дугаар зуун хүртэл өөрсдийн нүүдэллэн аж төрөх ёс, хэл, соёл уламжлалаа хадгалан үлдэх эрхтэй байсан юм. Энэ эрх нь “Харь гаралтны хэрэг эрхлэх газрын дүрэм” хэмээх хуулиар баталгаажиж байв. Харин 1901 онд манжуурын төмөр зам ашиглалтад орж, ялангуяа дээрх хуулийг хүчингүй болгосноор буриадуудын харьцангуй биеэ даасан байдал алдагдах эхлэл тавигдсан байна.
Цэвээн 1888-1891 онд Агын бага сургууль төгсч, улмаар 1891 нд Чита хотын гимназид элсэн оржээ. Харин 1895 онд Петер Бадмаев хувийн сургуулиа Петербургт нээж, Өвөр Байгалиас сурагчид элсүүлсний дунд Цэвээн багтсан байна. Гэвч тус сургуулийн оюутнууд Христийн сургаал судлахаас татгалзсаны улмаас 1897 онд хаагджээ. Ингээд Цэвээн 1898-1902 онд Эрхүүгийн сургууль төгсжээ. Харин дараа нь Петербургийн Их Сургуульд элсэн орсон байна. Тэрээр Оросын эрдэмтдийн дэмжлэгээр 1903-1906 онд буриадын ардын аман зохиол, бөөгийн талаарх баримт материал цуглуулах болсон бөгөөд 1907-1908 онд Петербургийн их сургуулийн дорно дахины салбарт монгол хэлний туслах багшаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл тэрээр энэ хугацаанд өрнийн буюу орос боловсрол эзэмшжээ. Үүний зэрэгцээ Орос дахь улс төрийн үйл явц тухайлбал 1905 оны Орос Японы дайн, 1905-1907 оны хувьсгалт үймээн, буриадуудын уламжлалаа хадгалан үлдэх гэсэн хүсэл тэмүүлэл зэргийг нүдээр үзсэн нь түүний эх оронч үзэл бүрэлдэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.

Харин энэ үед, 1901 оноос хэрэгжиж эхэлсэн манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн мөн л Халх болон Өвөр Монголд хүчтэй өрнөж эхлээд байв. Улмаар 1911 онд Халхад Монгол улсын тусгаар тогтнолыг зарлаж, олон монголчууд тусгаар улсдаа нэгдэхээ илэрхийлсэн төдийгүй хүчээ өгөхөөр Нийслэл Хүрээнд ирэх болсон байдаг. Цэвээн ч 1911 оны сүүлчээр Нийслэл Хүрээнд ирж, Монгол улсын ГЯЯ-нд соёл эрхэлсэн туслах түшмэл, “Шинэ толь” сэтгүүлийн эрхлэгч зэрэг алба хаших болсон төдийгүй 1913 онд ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орост хийсэн айлчлал, 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт орчуулагчаар оролцжээ. Гэвч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын улмаас буриадуудаас илүү өвөр монголчууд Монголын улс төрийн амьдралд оролцож байлаа. Харин 1917 оны Оросын хувьсгал, 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалын дараа буриадууд Монголын улс төрийн амьдралд идэвхитэй оролцох болсон байдаг. Энэ нь нэг талаас оросууд буриадуудыг Монгол дахь улс төрийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор татан оруулсны үр дүн боловч нөгөө талаар өрнийн (орос) боловсрол эзэмшсэн боловсон хүчин Монголд бараг байгаагүй явдал нөлөөлсөн билээ. Үнэхээр ч олон буриадууд Монгол улсад үндэсний худалдаа, боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллагыг өрнийн хэв загвараар үүсгэн байгуулах үйлсэд нэгэн сэтгэлээр хүчин зүтгэсэн байдаг. Энд Эрдэнэ Батхаан (Aрдыг гэгээрүүлэх яамны анхны сайд), Даш Сампилон (1921-1925 онд Москва дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газар зөвлөх, 1926-1929 онд Берлин дэхь худалдааны төлөөлөгч), Ишдорж (Герман, Францад суралцаж байсан сурагчдын захиргааны дарга), Буддарь Дэмчигов (туслах багш), Горчицкий (Монголын Харилцан Туслалцах Хоршооны дарга) нарыг дурдаж болно.

Ж. Цэвээн бол тэдний нэг билээ. Тэрээр 1921-1923 онд Дотоод яамны дэд сайд, 1923 оноос Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос Ардыг гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл, Монгол банкны зөвлөлийн гишүүн зэрэг алба хааж байлаа. Мөн 1924-1925 онд Улсын бага хурлын гишүүн, МАХН-ын ТХ-ны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрээр энэ хугацаанд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримталж, түүний онолын үндэслэлийг боловсруулахад хүчин зүтгэж байсан юм. Энэ үеийн үндэсний ардчилсан чиг шугам баримтлагчдын нэгэн зорилт нь бүх монгол үндэстнийг нэгтгэсэн Монгол улсыг байгуулах явдал байсан юм. Тухайлбал МАН-ын анхны мөрийн хөтөлбөр болох Тангаргийн гэрээнд “МАН эрмэлзэх нь алсдаа монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ” (МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд, УБ 1966, тал 34) хэмээн тусгасан байдаг. Цэвээн энэ талаар өөрийн саналаа 1924 онд МАХН-ын III их хуралд “...Монгол улсын тусгаар тогтнон хүмүүжих явдал манай Гадаад Монголын нэгэн хэсэг газрын төдийгөөр бат хүчирхэг болон чадахгүй учир эрхбиш монгол язгууртан бүхнийг нэгтгэн авч санаа зоригийг нийлүүлэн гүйцэтгэвэл хэнтэй эсэргүүцэвч хүч чадал, буурай дорой хохирлыг хүлээхэд хүрэхгүй...” (МАХН-ын III их, УБ 1966, тал 21 ) гэж хэлж байжээ.

Мөн тэрээр “...Монгол үндэсний төр улсыг бататгахад юуны өмнө Дотоод монгол, Буриад, Халимаг зэрэг төв азийн газар оронд бутран тарсан монгол овогт цагаачдыг уугуул нутагт нь нүүлгэж ирүүлэх нь зүйд нийцнэ. Гэхдээ хувьсгалт монгол болох Халх нь эдийн засаг, соёл, эрх зүйн амжилтаараа үлгэр жишээ үзүүлж бусад Шилийн голын цахар, Улаан цав, Алашаа, Эзэний голын барга цаашлаад төв азийн Хөх нуур, Синьцзянь зэрэг газар орныг өөрөө үлгэрлэн татах ёстой. Үндэсний хувьсгалт хөдөлгөөний өрнөлтийн гол утга учир нь нийт монгол угсаатны холбоог байгуулахад оршино. Үүнд басхүү дорнод гурван чуулганыг (Жирэм, Зост, Зуу-Уд) сайн дурынх нь үндсэн дээр БНМАУ-д нүүлгэж ирүүлэх хэрэгтэй юм. Тэгэх аваас Халхын хүн ам нягтарч, аж ахуйн боломж өсч, соёл өрнөн хөгжих аятай боломж нэгэнт бүрдэх билээ. Алсдаа ЗХУ-ын дэмжлэгтэйгээр БНМАУ-ыг тойруулан өмнөд этгээдийн Хөх нуур, Төвд, Дорнод Туркестан, умард этгээдийн Тагна-Тува, бусад монгол угсаатны бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоор төвлөрсөн Төв Азийн Холбоот Улсыг байгуулах нь зохистой” (МАХН-ын төв архив, Ф.1, Д.4, ХН.99) хэмээн үзэж байжээ. Гэхдээ энэхүү зорилт нь ЗХУ-ын дэмжлэгээр биелэх төдийгүй Хятад болон бусад их гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдөх ёстой хэмээн үзэж байв. Мөн энэхүү монгол үндэстний холбоот улс нь гадаад бодлогын хувьд Швейцари улсын адил төвийг сахисан байр суурь баримтлах хэрэгтэй гэж үзэж байжээ. Тэрээр энэ тухай бичсэн нь: “Төрийн биеэ даасан байдал, жинхэнэ тусгаар тогтнолыг олоход зөвхөн ЗОУ-аар хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй мөн Хятад болон бусад гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой бизээ. Бид Хятадын сюзеренит ч биш, ЗОУ-ын протекторат ч биш харин ЗОУ, Хятад зэрэг улсаас батлагдсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн Швейцари мэт төвийг сахисан улс байх ёстой...чухамхүү ийм болж чадах аваас Монгол хэмээх хоцрогдсон нэгэн улс орон амар төвшнөөр соёл боловсролын хөгжлөө хангаж чадна” (МАХН-ын төв архив, Ф.1, Д.4, ХН.99) гэжээ. Ийнхүү Ж.Цэвээн Монгол улс төвийг сахисан, бүх монгол туургатныг нэгтгэсэн холбооны улс болж чадсан цагт тусгаар тогтнолоо хамгаалж, эдийн засаг, соёлын хувьд ч хөгжин дэвших бололцоотой болно хэмээн үзэж байв. Түүний энэхүү байр суурийг өнөөдрийн өндөрлөгөөс харвал хэрэгжих боломжгүй байсан мэт харагдавч, цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй юм. Ер нь тухайн үеийн улс төр, эдийн засгийн хүчин чадавхи, геополитикийн орчноосоо шалтгаалан буфер улсын тавиланг эдлэх болсон Монгол улс, түүний улс төрийн зүтгэлтнүүд аливаа жижиг буфер улсуудын нэгэн адил төвийг сахисан улс төрийн статусыг сонирхож байсны нэг илрэл нь Ж. Цэвээний энэ үзэл баримтлал юм.

Ж. Цэвээн нийгэм эдийн засгийн хувьд үндэсний өвөрмөц байдал, ард олныхоо эрх ашигт нийцсэн өмчийн янз бүрийн хэлбэрийн үндсэн дээр улсын капитализмаар дамжин улс хоршооллын социализм байгуулж болно хэмээн үзэж байв. Тухайлбал намын удирдлагад байсан Ц. Дамбадорж, Н. Жадамба, Ж. Цэвээн нар аж ахуйг эдийн засгийн сонирхол дээр хөтлөн явуулах, үндэсний хөрөнгөлөг ардууд болон гадаадын пүүсүүдийн капиталыг улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд идэвхитэй ашиглах, нийгмийн ялгааг үл харгалзан гадаад улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хүрээнд харилцах, хамтран ажиллах бодлого баримталж байв. Үүнд мөн ЗОУ-д хэрэгжүүлж байсан эдийн засгийн шинэ бодлого нөлөөлснийг дурдах хэрэгтэй. Социалист хувьсгалын дараах Орос орны нийгэм эдийн засгийн амьдралын өөрчлөлтийн явцын улмаас В. И. Ленин социалист үзэл санааг хэрэгжүүлэх хөрс дэвсгэрийг капиталист харьцааг сэргээх замаар бий болгох хэрэгтэй хэмээн үзэх болсон бөгөөд түүнийг нас барсны дараа Н. Бухарин түүний эдийн засгийн шинэ бодлогыг үргэлжлүүлэн 1925 онд “баяжигтун” гэсэн лоозонг албан ёсоор гаргаж иржээ. Гэвч баяжигтун лоозонгийн эдийн засгийн утга агуулгыг бүрэн ойлголгүй түүнийг хэрэгжүүлэхэд гаргасан алдааны улмаас бүхэлд нь үгүйсгэн буруутгах болсон юм. Иймээс Ж. Цэвээн “...баяжих гэдэг үгийг ташааран ухаж болохгүй. Олон нийтээр баяжихыг эрмэлзсэн утга бөгөөд бусдыг мөлжиж хөрөнгөжвөөс үл болно. Хэрэв ард түмнээ үгээгүй хоосны туйлд хүргэж цөөхөн хүн баяжваас эцэстээ улс төр мөхөхийн шалтгаан болно. (МАХН-ын V их хурал, УБ 1981, тал 37) гэж “баяжигтун” лоозонгийн утга учрыг тайлбарлаж байжээ.

Ж. Цэвээний үзэл баримтлалын нэг хэсэг нь буддын шашны талаарх үзэл бодол юм. Тэрээр “...манай намаас бурхны сургаалыг ариунаар мандуулах зорилт нь ...мөн буддын сургаалыг ийнхүү дотночлон үзэж байгаагийн гол учир нь бурхан шигмуны сургаал номд хамгийн нарийн учир шалтгааныг үндсээр нь шинжлэн үнэн зөвийг олсон нь маш гүн, элдэвчлэн шинжилбэл шалгадаг ухаанд (шинжлэх ухаан – И. Б) үл харшлан нийлэх тул үнэхээр бишрэн хүндэтгэж дотночлон үзсэн хэрэг болно. ...Иймийн тул бурхны шашныхаа утга учир, ёс суртлыг аль болохуйц судлан танилцаж, шашны тухай хэргийг шүүмжлэхдээ буруу зөвийг ялгаж чадах болбаас сайн...” (Залуучуудын эвлэл ба буддын шашин” ХЗЭ сэтгүүл №9, УБ 1927, тал 17-18) гэж бичиж байв. Гэвч Ж. Цэвээний түүх, соёлынхоо дэвшилтэт өв сан, буддын гүн ухааныг түүхийн шинэ нөхцөлд шинэчлэн хөгжүүлэх оролдлогыг феодалын үзэл суртал хэмээн бүхэлд нь эрс няцааж байв. Тухайлбал МАХН-ын VII их хурал дээр тэргүүлэгч төлөөлөгч З. Шижээ “...нөхөр Жамсрановоос энэ мэтээр буддын балар суртлыг марксын суртал лугаа тэрслүүлэн монголын ядуу ба дунд ардыг дахин гал усны гашуун аюулд оруулах хэмээсэн хортой бодлого болов уу хэмээн санана ...нөхөр Жамсрановын үзэл суртал бол хэзээ ч маркс-лениний суртал лугаа нийцэхгүй буй за. (МАХН-ын VII их хурал, УБ 1980, тал 230) хэмээн шүүмжилсэн байна.

Ийнхүү Ж. Цэвээн үндэсний эрх ашгаа дээдэлсэн байр суурь баримталж байсны улмаас 1929 онд баруунтан хэмээн намын гишүүнээс хөөгдсөн байдаг. Тэрээр амьдралын сүүлийн жилүүдээ монгол судлалын шинжлэх ухаанд зориулсан эрдэмтэн хүн юм. 1919 онд Эрхүүгийн Их Сургуулийн профессор цол, 1936 онд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хүртсэн бөгөөд 1930-1932 онд Монголын шинжлэх ухааны хүрээлэнд, 1932-1937 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад 1937 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн байна.

Ж. Цэвээний улс төр, нийгэм эдийн засгийн үзэл баримтлал нь тухайн үеийн гадаад дотоод объектив болон субъектив хүчин зүйлсээс шалтгаалан монголын нийгэмд биеллээ олоогүй ч тэр үеийн монголын нийгэм улс төрийн сэтгэлгээг илэрхийлэх нэг баримт, улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлаар оюун бодлоо уралдуулан мэтгэлцэж байсны нэг жишээ болон үлджээ.

没有评论:

发表评论