2010年8月10日星期二

С.Зориг: Амьдрал гэдэг арчаагүй, муухай сайхан нэгэн зэрэг оршино



2010-08-04



1986 оны намар МУИС-ийн багш, цэл залуухан С.Зориг тэр үеийн "тавын" гэгддэг дөрвөлжин шугамтай дэвтэрт:

“Амьдрал гэдэг арчаагүй

Муухай сайхан хоёр

Нэгэн зэрэг оршиж

Хүн бүгдийн амьдралд

Янз, янзаар илэрнэ

Зарим нэгэн хүмүүс

Цатгалан ходоод

Цалин хувцас

Хөндий толгойг

Эрхэм дээдэд бодно” хэмээсэн нэгийг бодуулж, хоёрыг ухааруулсан үгсийг балын харандаагаар таталгаж суухдаа амьдрал нь ийм эмгэнэлтэй төгсөнө, бохир улс төрийн золиос болно гэж зүүдлээ ч үгүй байсан үе.



С.Зориг 1985-1990 оны үед МУИС-ийн Шинжлэх ухааны коммунизмын онол /ШУКО/ буюу өнөөгийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд улс төрийн шинжлэх ухаан сэдвээр багшилж байхдаа бичсэн багшийн тэмдэглэлийн дэвтрийг уншигчдадаа дэлгэж байна. Өөрөөр хэлбэл, "Зууны мэдээ" уншигчдадаа нэгэн шинэ хуудас нээж байгаагийн эхнийх нь энэ юм. Захидал бас тэмдэглэлийн дэвтэр гэдэг тухайн эзнийхээ дотоод зүрх сэтгэл, би гэдэг ертөнцийг нь нээдэг нандин дурсгал билээ. Бид ардчиллын анхдагч, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны тэмдэглэлийн дэвтрээс задаллаа. "Зууны мэдээ"-гийн тэмдэглэлийн дэвтэр хоёр долоо хоногийн давтамжтайгаар танд хуудсаа дэлгэх болно.



Хуучин ЗХУ-ын "тавын" гэгдэг 96 хуудастай дэвтэр дээр багшийн ажлын төлөвлөгөөнөөс эхлээд оюутны нэрс, ирц, заах хичээлийн товч агуулга тэрч бүү хэл амралт зугаалга, урлагийн үзлэгт хэн ямар үзүүлбэр үзүүлэх вэ гэж маш нарийн бүртгэжээ. Гаднаас нь харахад нүдэнд төдийлөн өртөхгүй бор дэвтэр байх хэдий ч дотроо ажлын болон амин хувийн тэмдэглэлийг хөтлөн багтаасан байх юм. Ингэхдээ дан оросоор бичсэн байна. Хаа нэг дэвтрийн голын шинэ хуудаснаас шүлэг эхлүүлээд орхисныг эс тооцвол түүний тэмдэглэл эрэмбэ дараалалтай, ойлгомжтой ажээ.



Оюутнуудыг ангилсан нь

Дэвтрийн эхний үед оюутны нэрсийг чамбайлан бичиж эгнүүлээд ангилжээ. Өөрөөр хэлбэл оюутныг "Дундаж бүлэг", "Залхуу бүлэг" хэмээн заагласан байх юм. Ингэхдээ хэнд ямар тусламж хэрэгтэй, семинарын цаг дээр хэнээс юу асуух вэ гээд хичээлийн цагийн дарааллыг маш нарийн төлөвлөсөн байна. Тухайлбал, Гансүх, Баярсайхан нарын 19 оюутан залхуу бүлэгт багтаж, багшийн тулж ажиллах хүний тоонд бичигджээ. Тэдний заримд нь анхааруулах, асуух бас туслах командуудыг зэрэг бичсэн байх юм. Харин "Дундаж бүлэг"-т Оюунчимэг, Эрдэнэбат нарын 18 оюутан бичигдэж, багшаас "ок" үнэлгээ зулгаасан байна. Санаа дагаад ч тэр үү дундаж бүлгийнхэн хичээл тасалж, хоцрох нь бага, онц сайн үнэлгээтэй байна. Хамгийн хачирхалтай нь шалгалтдаа хангалтгүй үнэлгээ авсан оюутандаа зориулж хулгана зурж ёгтолжээ. Том, жижиг олон янзын хулганууд түүний конспектийн дэвтэрт зураастай байна. Энэ нь ямар утгатай болохыг тааж мэдэхгүй ч ямар боловч базаахгүй оюутан гэдгийг гэрчлэхээр ажээ. Мөн чөлөө хүссэн, өвчтэй гэж хэлүүлсэн оюутан бүрийн нэрийн ард зохих тэмдэгийг нь тавьж эгнүүлсэн байлаа.



Бяцхан зурвас

1986 оны арванхоёрдугаар сард их сургуулийн багш нарын хооронд өвлийн спортын тэмцээн зохиогдсон бололтой юм. Зохион байгуулагч нь С.Зориг байсан гэдгийг түүний дэвтрээс харж болох аж. Хөнгөн биетэй багш нарыг буухиад гүйлгэж, хүнд биетэйг нь цана, чаргаар уралдуулах тухай бичсэн байна. Ингэхдээ эрэгтэй нь тав, эмэгтэй нь гурван километр гүйж байж сая нэг юм барианд орох ажээ. Харин замын дунд няцсан, шантарсан нэгэнд гранат шидэж, торгууль ногдуулсан байна. Энэ торгуулийг нэлээдгүй аавын хүү, ээжийн охин амссан бололтой дог. Харин тэмдэглэлийн төгсгөлд "Баатар багш бол чирэгдэх хүн. Багийн амжилтад нөлөөлөх учраас спортын хөнгөн төрөлд оруулах хэрэгтэй" гэж бичжээ.



Чирэгдэх хүн гэж гоочилсныг бодоход настай юм уу эсвэл тарган хүн байсан бололтой. Харин түүний дараахан урлагийн үзлэг болжээ. Анги удирдсан багшийн хувьд энэ арга хэмжээнд ангийнхнаа уриалан оролцуулж. Мэндчилгээнд тэр, тэр орно. Ингэхдээ ийм байдлаар үг хэлж, дуулах нь зөв болов уу. Бүжгийн төрөлд зургаан оюутан оролцоно. Тэд өдгөө хүчээ авч буй брек бүжгийг хийх нь оноо авахад нөлөөлөх байх. Хөгжөөн дэмжигчдийг олноор ирүүлэх Оюутан Гэрэлгуад зургийн алпарат байгаа гэсэн. Цэнддоогоор зураг даруулах гэх мэтчилэн оюутан бүрийн ажлыг нарийвчлан зааглажээ.



Хариуцлагатай багш - сайн оюутан

Түүний багш нарын тухай бичсэн тэмдэглэл дэвтрийнх нь хаа нэгтээ мэр сэр байна. "Залуу багш нар цагтаа ирсэнгүй. Хичээл болзсон хугацаанаасаа хожимдож эхэллээ" хэмээсэн нь түүний цаг баримталдаг, ажил хэрэгч чанарыг тодотгож. Хуучнаар ШУКО буюу одоогийн нийгмийн шинжлэх ухааны багш хийж явсан тэрээр олон ангид потокоор болон ганцаарчилсан хичээл заадаг байж. Тэр болгоныхоо ирц, тэмдэглэлийг нэг бүрчлэн хөтөлж,оюутан бүрд бие даалт өгүүлжээ. Ингэхдээ буух хаяг, буцах эзэнтэй байлгахын тулд оюутан бүрийг сонгосон сэдвийнх нь дагуу гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх юм. Тухайлбал, "ШУКО-гийн судлах зүйл"-ийг Жавхлан, "Лениний онол"-ыг Дамдиндорж гээд нэг бүрчлэн тэмдэглэж, хугацаандаа өгсөн эсэхийг хүртэл нарийвчилжээ. Энэ нь багш, оюутан хоорондын харилцаа амьд байсан гэдгийг нотолж байна.



Багшийн зорилтууд

Багшийнхаа мэргэжлээр ажиллах үедээ тэрээр өөртөө хэд, хэдэн зорилт дэвшүүлж, дагаж мөрдөхөө амласан байна. Тодруулбал:

1. Хичээл ээ заахдаа асуудал дэвшүүлэх

2. Техник хэрэгсэл ашиглах

3. Сурах бичиг, программ хийх

4. Эрдэм шинжилгээний хуралд тавих сэдэв сонгох

5. Багш нарын дунд зохиогдох эрдмийн хуралд илтгэл тавих

6. Гаваа багшийн гадаадаас оруулж ирсэн туршлагыг нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг жагсаажээ. Харин арын хуудаснаа сэтгэл гэгэлзүүлсэн хэд, хэдэн шүлгийн мөрт бичсэн байна.



Хичээлийн конспектээ Орос хэлээр бэлтгэдэг байв

С.Зориг агсны багшийн конспект орос хэлнээ бэлтгэгджээ. Хичээлийн конспектээ заах өдөр, цаг хугацаатай нь дэс дугаарлан ШУКО-ын тэнхимийн эрхлэгч Д.Содномгомбо багшаар баталуулснаар түүний хичээл эхэлнэ. Харин түүний багш Д.Содномгомбо өдгөө гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа юм. С.Зориг конспектдээ улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжлөөс эхлээд намуудын төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар тоймлон бичжээ.



Тухайлбал, "Улс төрийн мөн чанарыг ухамсарлан ойлгох оролдлого эрт дээр үед бий болж төр оршин тогтносон бүх үеийн туршид боловсрон хөгжиж ирсэн байна. Улс төрийг шашин, домгийн үүднээс тайлбарлах явдал түүний танин мэдэхүйн анхны түүхэн хэлбэр байв. Сурвалж материалаас үзэхэд манай тооллын өмнөх II-I мянган жилд эртний бүх ард түмэн төр засаг ба нийгэм улс төрийн дэг журам бурхан тэнгэрээс гарал үүсэлтэй тухай ойлголт ноёрхож байжээ. Харин барагцаалбал нэг мянган жилийн дунд үеэс улс төрийн үзэл санаа нэлээд эрчимтэй хөгжиж анхны улс төрийн ойлголт тодорхойлолтууд философи-ёс зүйн сургаалийн хэлбэрээр хөгжиж эхэлсэн юм. Энэ үйл явцын тэргүүнд Күнз, Платон, Аристотель нарын улс төрийн шинжлэх ухааны эцэг болсон хүмүүс байсан" хэмээн үргэлжлэх гүүний багшийн конспект улс төрийн соёл, коммунизмын онолоор үргэлжилнэ.



Багшаар ажилласан таван жилд нэг төгсөлтийг угтан үдэж, олон оюутанд улс төрийн шинжлэх ухааны эрдэм ухааныг ой ухаанд нь нэвчтэл заасан болохыг мэргэжил нэгт нөхдүүд нь гэрчилж байна. Тэрээр багшлахын хажуугаар МУИС-ийн аспиратурт "БНМАУ-ын улс төрийн системийг боловсронгуй болгох нь" сэдвээр судалгааны ажил хийж байсан юм. Түүний багшийн хичээлийн дэвтрийг ухаж үзвэл нэг иймэрхүү. Хувийн тэмдэглэл нь илүү сонирхолтой байх нь гарцаагүй. Энэ тухай уншигч та дараа, дараагийн "Тэмдэглэлийн дэвтэр" булангаас унших боломжтой.



Энэ дашрамд дурдахад цагдаа нар ардчиллын алтан хараацай С.Зоригийг хөнөөсөн этгээдийг 4322 дахь хоногтоо хайж байна. Манай цагдаа энэ хэргийн талаар өнөөг хүртэл ямар ч сэжүүр гаргаж чадахгүй байгаа юм. Монголын ардчиллын билэг тэмдэг болсон энэ эрхмийг хөнөөсөн, хөнөөхийг захиалсан гэмт хэрэгтнүүд бидний дунд хөл нийлүүлэн алхаж яваа. Хэрэг хэзээ шувтрахыг хэн ч мэдэхгүй. Гэвч яаравч дардайж, булавч бултайх үнэн гэж бий. Энэ хэргийн ээдрээ тайлагдана гэж Монголчууд 12 жил хүлээлээ Дахиад хэлдэн жил хүлээх бол?



Д.Болормаа

没有评论:

发表评论